2010-06-09

Блог №2. Танилцуулга.

Химийн болон металлургийн процессийн тооцоо хийх хамгийн чухал хэсэг нь масс-энергийн балансыг тодорхойлох явдал юм. Масс-энергийн балансын тооцоонд тусгагдсан процесст оролцож байгаа түүхий эд, урвалжийн тоо хэмжээ, үнэ өртөг, зарцуулагдах энерги, үйлдвэрийн хүчин чадал зэрэг дээр үндэслэн хөрөнгө оруулалт, ашиглалтын зардал, тоног төхөөрөмжийн хүчин чадал, үйлдвэрийн дезайныг уламжлан тооцоолдог. Энэ зорилгоор METSIM программ хангамжийг ихэнх инженерингийн компаниуд түгээмэл хэрэглэдэг ба энэ нь энгийнээс эхлээд нарийн төвөгтэй ямарч төрлийн технологийн процессийг загварчлах чадвартай цогц программ юм.

METSIM программ нь анх металлургийн процессийн үндсэн тоног төхөөрөмжийн массын баланс бодох зорилгоор хийгдэж эхэлсэнч маш үр дүнтэй найдвартай ажилласан тул түүнийг өргөтгөн энерги дулааны баланс, тоног төхөөрөмжийн хүчин чадал тогтоох, үйлдвэрийн эргэн тойронд процессийн болон өртөг зардлын анализ хийх чадвартай болтол хөгжүүлсэн байна. Бутлалт, нунтаглалт, баяжуулт, уусгалт, хайлах, усгүйжүүлэх гэх мэт үйлдвэрлэлд байж болох бүх төрлийн процессуудыг нэгж операци хэлбэрээр нэг бүрчлэн программд багтаасан ба тэдгээр нэгж операцийн модулиуд нь бүгд инженерийн тооцоонд хэрэглэгддэг математик загварчлал дээр үндэслэгдсэн байдаг. Мөн бүх төрлийн нийлмэл бодисийн термодинамикийн өгөгдлийн баазыг багтааснаас гадна хүдрийн бүхэллэгийн болон нүүрсний угаагдах чанрын анализыг хийх функцуудыг давхар суулгасан байна.

Лабораторын туршилтын үр дүн, мэдэгдэж байгаа бусад өгөгдүүдийг судалгаа тооцооны явцад улам нарийсган METSIM программаар хийгдэх модельд оруулж өгснөөр үйлдвэрлэлийн оптимал үзүүлэлтүүдийг илүү бодитойгоор тооцож болох тул өндөр зардал гаргаж эрсдэлтэй алхам хийлгүйгээр технологийн схем болон процесст гарах өөрчлөлтийг урьдчилан харах боломжтой болох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг Proware компанийн вэб сайт эсвэл тэдний Австрали дахь төлөөлөгчийн вэб сайтуудаас уншаарай.


Дараагийн блогт METSIM программыг татаж авах болон суулгах талаар нийтэлнэ.


...

No comments:

Post a Comment