Үйлдвэрийн төсөл тооцоог олон хүний оролцоотой маш том аппарат ажиллаж хийдэг байсан нь саяхан. Энэ нь компьютер техник хөгжихийн хэрээр хүний оролцоо багасаж цөөхөн хэдэн хүн компьютер хэрэгсэл, программ хангамж ашиглан асар богино хугацаанд хийдэг цаг үе болжээ.
Уул уурхай, тэр дундаа металлургийн үйлдвэрийн нарийн төвөгтэй процессийн төсөл зохиох, масс-энергийн балансын тооцоог хийхэд дэлхийн ихэнх инженерингийн компаниуд тодорхой хэдэн төрлийн программ хангамжуудыг ашиглаж байна. Одоогоор голлон хэрэглэгдэж байгаагаас нэрлэвэл Aspen Plus (HYSYS), HSC, JKSIMMet, JKSIMFloat, LIMN, METSIM, MODSIM, Simulus, SysCAD зэрэг программууд юм.
Эдгээр программууд нь анх ямар процесст зориулагдан хийгдсэнээсээ шалтгаалаад тодорхой чиглэлүүдэд маш сайн хөгжсөн байдаг. Жишээлбэл: Aspen Plus программын хувьд химийн үйлдвэрлэл, байгалийн хий нефть боловсруулах үйлдвэр загварчилах талруугаа маш сайн хөгжсөн байхад METSIM, SysCAD программууд нь баяжуулалт, металлургийн процессуудын масс болон энергийн балансын тооцоог хийхэд маш хүчтэй байдаг. Харин эдгээр дотроос Финляндын OUTOTEC компаниас гаргасан HSC (H-enthalpy, S-entropy, C-heat capacity) программ нь нийт 21 мянга орчим нийлмэл бодисын бүх өгөгдлийг агуулсан термодинамикийн маш хүчтэй бааз юм. Энэ программын сүүлийн верс болох HSC6 нь мөн загварчлал хийх модуль агуулсан байдаг ба бусад программ хангамжуудтай хоршин ажиллах эсвэл энэ программаас шаардлагатай өгөгдлүүдээ авч хэрэглэх боломжтой.
Манай оронд уул уурхайн баяжуулалт, металлурги, нүүрсний үйлдвэрлэл ид хөгжиж эхлэлж байгаа энэ цаг үед дээр нэрлэгдсэн программууд дотроос хамгийн тохиромжтой байж болох нь METSIM, SysCAD программ хангамжууд юм. Учир гэвэл эдгээр программууд нь баяжуулах болон металлургийн үйлдвэрийн бүх тоног төхөөрөмжийг загварчилах модиулуудыг агуулсан байдаг тул төсөл хийж байгаа компани, хувь хүнд үндсэн багаж нь болж чадна.
Миний хувьд METSIM программ хангамжийг 2002 оноос хойш, SysCAD программыг 2009 оноос хойш тус тус хэрэглэж байгаа ба энэ чиглэлээр ажилладаг, төсөл тооцоо хийдэг залуучууддаа зориулан энэ удаад METSIM программын талаар тодорхой мэдээллийг өөрийн туршлага дээрээ үндэслэн хүргэе хэмээн бодмой.
METSIM программыг АНУ-ын Аризона Мужид байдаг Proware компаниас эрхлэн гаргадаг ба 1991 онд Microsoft DOS оператинг систем дээр анх эхэлсэн бөгөөд 6 жилийн дараа буюу 1997 онд Windows ийн орчинд хийгдэж эхэлсэн. Proware компанийг эзэмшдэг John Bartlett хэмээгч эрхэм анх металлургийн процессийн орчинд масс болон энергийн балансын тооцоо хийж эхэлснээр тус программын суурь тавигдсан. Сүүлдээ энэ нь улам өргөжин бутлалт, нунтаглалтаас эхлээд баяжуулах, уусгах, хайлах... гээд таны нэрлэж чадах бүхий л төрлийн процессуудын загварчилалыг хийж чадах том нэмжээний software package болон өргөжисөн байна. Өнөөдрийн байдлаар уг программын хамгийн сүүлийн хувилбар болох METSIM18.06 ажиллаж байгаа ба версийн нэршлийн хувьд анх гаргасан оноосоо хойшхи хугацаагаар нэрлэгддэг. Өөрөөр хэлбэл одоогоор 18 нас 6 сартай METSIM18.06 хэрэглэгдэж байна гэсэн үг юм.
Дараагийн блогдоо тус программын танилцуулгыг нийтэлнэ.
...
No comments:
Post a Comment